Завхан аймаг
Цаг уур
Ургамал сумын нутагт өвөл, ялангуяа хаврын үргэлжлэх хугацаа харьцангуй урт болж, зуны улиралд хур тунадас ховордуу учраас хуурайвтар халуун уур амьсгалтай, өвөлд 3-4 см цас унаж хүйтний эрч нэмэгдэж, тачир ургасан бэлчээрийн ургамал далдлагдаж, том нууруудтай ойролцоо болохоор будан манан татаж, өвс бут цан хүргээр хучигдан зуд болох явдал олонтаа тохиолддог.
Зарим жил 12-р сарын сүүлч хүртэл цас орохгүй, гол горхи хөлдсөн учраас харын зуд болох үе ч бий. Харин нилээд тохиолдолд намрын өнжсөн чийгээр хавартаа ногоо эрт ургаж, мал ногоолж тэнхэрдэг.
Өөрөөр хэлбэл, намар бороо хур багатай бол ирэх хавар, зун нь ган болох явдал үзэгддэг. Зуны аагим халуун 6-р сарын сүүлчээс 7, 8-р сард, евлийн ид хүйтэн 12-р сарын сүүлчээс 1,2-р сард болдог.
Хамгийн халуун өдөр хөрсөндөө +52, агаартай +32 ид хүйтэнд хөрсөндөө -40, агаартаа -38 хэмд хүрнэ. Өвлийн улиралд голдуу тогтуун аятайхан, хаврын улиралд их төлөв салхитай заримдаа 10-17 м/с шороон шуурга ч болно.
Зарим намар ногооны сөл 10-р сарын 20-д хүрч тасрах ба уулсын өвөр энгэр дагаж ургасан хялгана, ерхөг, агь, бударгана, шаваг мэт ургамал 11-р сарын эх хуртал сөлтэй байж малын тарга чамбайрч зузаардаг сайхан жил ч байдаг.
Байгалийн баялаг
Бэлчээрийн голлох ургамал нь хялгана, хазаар, ерхөг, агь, таана, гурван төрлийн бударгана, дөрвөн төрлийн хамхаг, таван төрлийн шаваг, хөмүүл, таана, суль, сульхир, цахилдаг, харгана, бут, түнгэ юм.
Мөн шохойн болон боржин чулуу, зос, давс, хужир, наанги шороо, шавар, явар, гялгануур, гурван өнгийн будгийн чулуу, цахиур, алт, мөнгө, төмрийн хүдэртэйгээс гадна барилгын засал чимэглэлд хэрэглэх хавтгай, гурвалжин, дөрвөлжин, бөөрөнхий хэлбэртэй өнгө өнгийн чулуу, багаж хурцлах билүү, тоосго, тугалган шороо элбэг учир Билүүт, Тоосгот, Тугалгат гэдэг нэртэй уулууд ч бий.
Энэ нутагт чоно, үнэг, мануул, хүрэн туулай, тарвага, дорго, аргаль, угалз, янгир, цагаан зээр, хар сүүлт мэтийн ан амьтан, хун, галуу, нугас, тоодог, тогоруу, ангир, ёл, тас, буүргэд, цагаан хар элээ, хэрээ, цахлай, бор, шар шувуу, харцага, ятуу, хөтүү, болжмор, хулан жороо, тагтаа зэрэг жигүүртэн шувуудтай. Могой, хонин болон могой гүрвэл, голио, хар ногоон тонголдой, хар хорхой зэрэг мөлхөгчид, зэрлэг гахай, буга согоо, ирвэс үзэгддэг. Энд амьдарч байсан бөхөн гөрөөс хотон шувууд сүүлийн жилүүдэд үзэгдэхээ больсон байна.
Хуйхан цахирын уланд байдаг Гандгир (ганцхан мод), Цагаанхайрханы хальс, Хутаг уулсын ус шуугидаг хөндий хад, Ханын худгийн ард байдаг уст уул, Шавгийн гацаан дахь чихэр өвстай тохой, Харцагатын Улааны хаднаас ургасан харгана, засч бэлтгэсэн юм шиг элсний их сүв зэрэг элсний зам гарцууд, Их, Бага Нарт зэрэг ууланд байгаа амьтны сүг бичиг бүхий хад, сумын нутгийг хамарсан олон тооны хиргисүүр, Сайрын адгийн хөшөө, Баян-Улааны зуун хойд талын хун чулуу зэрэг байгалийн баялаг, түүхийн дурсгал ихтэй. Мөн хүний хоол боловсруулах эрхтэн, хоолойн ангина өвчин анагаах чадвартай Голын улааны хүйтэн рашаан бий. Голын улааны хаданд, Загастайн түнгэнд рашаан байсан гэх боловч одоо мэдэх хүнгүй болжээ.