top of page

Хүн ам

photo_2024-06-26_09-25-14.jpg

Тус нутгийн иргэд өөрсдийгөө халх ястан-халхчууд гэж хэзээнээс нэрлэдэг. Ургамал нутгийн ардуудын овог нь Сартуул юм. Сартуул нь Чингисийн Их гүрний үед дундад Азиас ирж суурьшсан Түрэг угсааны нэгэн томоохон бүлэг иргэд аж. Нутгийн хуучцуул дээр үед олон хошууны ноён хилийнхээ цэсийг шинэчлэн тогтоох том хэмжээний чуулган хуралдуулж олон хоног чуулжээ. Энд Сартуул хошууны ноён дуугүй суугаад байжаэ.

Тэгэхэд бусад ноён та хилийнхээ цэсийн талаар саналаа айлдаач гэхэд тэр цэцэн, Сар, Зогсоо гэсэн гурван толгой оролцсон хонины нэхий шиг газар авьяа гэжээ. Түүний саналыг нь бүгд зөвшөөрчээ. Гэтэл энэ нутаг нь одоогийн Цэцэн-уул сумын нутаг Цэцэн хайрханаас Увсын Завхан сумын Зогсоо хайрхан, Дөрвөлжин сумын нутаг Сар толгой хуртэлх говь хангай хосолсон уудам нутаг байжээ. Ингэж Цэцэн-сар уулын хошуу гэж нэрлэгдэж он цагийн уртад цэцэн гэдэг үг нь хасагдаж харин т үсэг нэмэгдэн Сартуул болсон гэлцэнэ.

Манай нутгийнхан халх ястан, сартуул овгийн алаг адуутны бүлгийн хүмүүс юм. Тус сумын 47 жилийн дунджаар 433 өрх, 1764 хүн амтай байсны дотор 1947 онд 574 буюу хамгийн олон, 1980 онд 321 буюу хамгийн цөөн өрхтэй, 1950 онд 2113 буюу хамгийн олон, 1961 онд 1461 буюу хамгийн цөөн хүн амтай байв. 

 

1993 оны байдлаар бүх хүн амын 78.6 хувь нь 0-34 насны хуухэд залуучууд, 44.8 хувь нь хөдөлмөрийн насны хүн байсан ба өрх хүний 29.5-29.6 хувь нь сумын төвд, 70.4-70.5 хувь нь хөдөө мал аж ахуй дээр амьдарч байна. Нэг өрх дунджаар 4.7 хүнтэй, нэг хүнд 43 толгой, үүнээс хөдөлмөрийн чадвартай нэг хүнд 61 толгой мал, ХАА-н эдэлбэр газар 141 га оногдоно. 

 

Хот бусад төв сууринд шилжсэн 300 гаруй уугуул иргэдийг (хүүхэд, хүргэдийг оролцуулахгүйгээр) оролцуулан тооцоход айл өрх, хүн ам хоёр дахин өсчээ. Одоо манай сум 331 ерхтей 1321 хүн амтай ажээ.

photo_2024-06-26_09-24-58.jpg
photo_2024-06-26_09-24-37.jpg

Засаг захиргааны зохион байгуулалт

Сум 1924-1925 онд Буурал нарт, 1926-1928 онд Сартуул, 1929-1933 онд Хутаг уул, 1934-1937 онд Ургамал-Өлзийт гэж нарлэгдэж байгаад 1938 оноос Ургамал гэж одоогийн нэрээр нэрлэгдэх болжээ.

Сумын дотоод зохион байгуулалт нь: 1924-1925 онд 10 өрхөөр, 1926-1928 онд 20 өрхөөр, 1929-1930 онд 50 өрхөөр, 1931-1933 онд 13 тасгаар, 1934-1939 онд зургаан багаар, 1959-1963 онд таван бригадаар, 1963-1969 онд дөрвөн бригадаар, 1970-1991 онд гурван бригадаар, 1993 оноос хойш таван багаар тус тус зохион байгуулагджээ.

 

Сумын төвд 1924-1941 онуудад өвөл нь Нартын чулуун хашаат Сохорын нутагт, хавар намар нь Хутаг уулын худагт, зунд нь Өргөн бор хошуунд нүүдэллэн нутаглаж байгаад 1941 онд Бага бор хошуунд, 1942 оноос одоогийн байгаа газраа Хунгуй голын хөвөөнд төвлөрчээ.

photo_2024-06-26_09-25-03.jpg
bottom of page